/ / Д.Цэрэнпил: Хэсгийн төлөөлөгч сумынхаа ард иргэдэд Цагдаагийн байгууллагын нүүр царай болдог онцлогтой ажил

Д.Цэрэнпил: Хэсгийн төлөөлөгч сумынхаа ард иргэдэд Цагдаагийн байгууллагын нүүр царай болдог онцлогтой ажил

Төв /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны ажил мэргэжлийн шилдэг хэсгийн төлөөлөгчөөр, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган хамт олноо хошуучлан ажилласан Төв аймаг дахь цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Дэмчигийн Цэрэнпил шалгарсан билээ. Ийнхүү түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө 2020 оны шилдэг “Хэсгийн төлөөлөгч” шагналаар энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Баярлалаа. Намайг үргэлж тусалж, дэмжин ажилладаг хурандаа Б.Ганзориг даргатай Төв аймаг дахь цагдаагийн газрын хамт олон, хошууч Г.Жанчив даргатай Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон, үргэлж түшиг тулгуур минь болж явдаг хайрт хань, аав ээж, ах дүү нартаа баярлаж явдгаа уламжилъя.

-Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаас хуваалцвал.

- Миний  бие Төв аймгийн Лүн суманд төрж өссөн.  2006 онд сумынхаа ерөнхий боловсролын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгсөж, 2007 онд Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан. Ингээд Цагдаагийн академийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд “Цагдаа дамжаа”-нд суралцаж төгсөөд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдон, ажлын гараа эхэлж, өдгөө цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбоод 12 жил болжээ. Энэ хугацаанд тус цагдаагийн газартаа эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч, эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа, цагдаа зохицуулагч, мөрдөн байцаагч, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад  хөдөө ажиллах сонирхлынхоо дагуу өөрийн хүсэлтээ өгч  Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ирээд  нэг жил гаруй болсон байна. 

- Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Цагдаа хүн гэдэг бол ард иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг сайхан мэргэжил. Би бага наснаасаа цагдаагийн алба хаагч болох чин хүсэл мөрөөдөлтэй байсан учраас өөрийнхөө мөрөөдлийг өнөөдөр биелүүлж яваадаа баяртай байдаг.

-Хэсгийн төлөөлөгчийн ажлын сайхан нь таны бодлоор?

- Хэсгийн төлөөлөгч гэх алба өөрөө их онцгой. Учир нь гэмт хэргийн дуудлага мэдээлэл хүлээж аваад тухайн хэргийн газар ажиллаж, эзэнгүй үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлж, алдагдсан эд зүйлсийг хохирогчид нь бүрэн хүлээлгэж өгөх хамгийн сайхан шүү дээ. Сумын бүх хүмүүсийн хүндэтгэлийг хүлээнэ, тулж харьцдаг. Би бараг өдөр бүр л энэ мэргэжлийг эзэмшсэндээ, эзэн нь болж байгаадаа баяртай, бахархалтай байдаг.

-Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллах нь төв суурин газар ажиллахаас онцлогтой байх?

-Онцлогтой байлгүй яахав. Хэсгийн төлөөлөгч хүн цагдаагийн байгууллагын бүхий л чиг үүргийг тухайн сум орон нутагт хэрэгжүүлдэг гэдэг утгаараа сумынхаа ард иргэдэд Цагдаагийн байгууллагын нүүр царай болдог онцлогтой ажил. Цагдаагийн байгууллагыг төлөөлж суманд үүрэг гүйцэтгэж байхдаа бие дааж шийдвэр гаргах тохиолдол их бий.

-Суманд ажиллахад сурах юм их байдаг. Таны хувьд?

-Тийм ээ. Хэсгийн төлөөлөгч гэдэг хүн бол дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргын удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг.  Хүн алхам тутам суралцдаг болохоор миний хувьд цаашид сурч мэдэх, өөрийгөө мэргэжлээрээ улам их хөгжүүлэх зорилго тавиад шинийг эрэлхийлж явна даа.

-Эрдэнэ сум өөрөө онцлог болов уу. Учир нь амралт сувилал, жуулчны баазууд их бөгөөд зүүн аймгууд руу чиглэсэн автомашины хөдөлгөөн тасрахгүй. Тэгэхээр ачаалал их үү?

-Тийм шүү. Эрдэнэ сум төв суурин газартай ойрхон учраас орон байрны хулгайн гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэрэг их гардаг. Мөн аялал жуулчны бүс нутаг учраас Цонжин болдог, 13-р зуун, Мэргэн Тоньюукукийн хөшөө, Гүнжийн сүм, зэрэг газруудад аялагч, жуулчид ихээр ирдэг бөгөөд амралт, сувилал жуулчны баазууд их тул зуны улиралд гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл огцом нэмэгддэг. Ачаалал ч нэмэгдэнэ. Түүнчлэн Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай хэвтээ тэнхлэгийн зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Тус замаар өдөрт дунджаар 2000-3000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм. Эрдэнэ сум нь Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр сумтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай ОХУ-тай хиллэдэг 803934 мянган га газар нутагтай бөгөөд хээр тал, ой хөвч, тайга зонхилсон, 43.5% нь ой тайга эзэлдэг маш онцлогтой.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу? Таны ажлыг хэр их ойлгож дэмждэг вэ?

-Би 2008 онд Төв аймаг дахь цагдаагийн газар томилогдож ирээд ханьтайгаа танилцаж байлаа. Миний эхнэрийг Э.Чулуунханд гэдэг. Эмч мэргэжилтэй. Эхнэр минь надтай адил тангараг өргөсөн хариуцлагатай ажил эрхэлдэг хэдий ч тэр их ажлын хажуугаар ар гэрийн бүхий л асуудлыг бүрэн авч явдаг. Намайг ажил мэргэжлээр минь бүрэн дэмжиж, үргэлж сэтгэлийн дэм хайрладаг. Тиймээс гэр бүлийнхээ энэ их тус дэмийн хүчээр ар гэртээ санаа зоволгүй ажиллаж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын “Ажил мэргэжлийн аварга” шилдэг хэсгийн төлөөлөгч гэх эрхэм нэр хүндтэй шагналыг авсан гэж бодож байна.

 -Таны ажил алба, амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу вэ?

-Цагдаагийн алба хаагч бол аливаа ажлыг хуулийн хүрээнд чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим юм. “Сонгосон мэргэжилдээ эзэн нь бай” гэж хэлэх дуртай. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал өдөр бүр л бахархах сэтгэл төрнө гэж боддог.

-Таны цаашдын зорилго?

-Цагдаагийн нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг. Тиймээс албандаа хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн нэр хүндийг цэвэр, өндөрт өргөж явахыг л зорьж явдаг даа.

 

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102